⛽ Шатахууны хомсдол дахин давтагдах уу? Эрсдэл бодитой байхад Засгийн газрын төлөвлөгөө хаана байна?
АИ-92 шатахууны үнэ нэмэгдэж, шатахуун түгээх станцууд дээр урт дараалал үүсэв. Энэ дүр зураг монголчуудад бид бүхэнд шинэ зүйл огт биш билээ. 2022 онд шатахууны хомсдол үүсэж, олон өдөр дараалалд зогсож байсан нөхцөл байдал дахин давтагдах вий гэсэн айдас энэ удаад ч үүсээд байна.Засгийн газар өнөөдрийн байдлаар Монгол Улс АИ-92 шатахууны 33 хоногийн, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй гэж мэдээлж байгаа бөгөөд АИ-92-ын үлдэгдэл 71.6 мянган тонн хүрсэн нь сүүлийн жилүүдийн хамгийн өндөр үзүүлэлт гэж тайлбарлаж байна.
Гэвч энд хамгийн чухал асуулт нь. 33 хоногийн дараа яах юм бэ?
Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний бараг бүх хэрэгцээгээ ОХУ-аас импортолдог. Өөрөөр хэлбэл шатахууны нийлүүлэлтийн хувь заяа биднээс бус, нийлүүлэгч улсын нөхцөл байдлаас шууд хамаардаг.Сүүлийн саруудад Украины алсын зайн дронууд ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цуврал цохилт өгсөөр байна. Хамгийн сүүлд Оросын хамгийн том боловсруулах үйлдвэрүүдийн нэг болох Газпром Нефтийн Омскийн үйлдвэр халдлагад өртөж, жилд 8.4 сая тонн боловсруулах хүчин чадалтай үндсэн төхөөрөмжүүдийн нэг нь гэмтсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлэв. Үүний зэрэгцээ Красноярскийн боловсруулах үйлдвэртэй холбоотой эрсдэлийн мэдээлэл ч гарч эхэлсэн. Ийм нөхцөлд "Орос нийлүүлэлтээ хэвийн үргэлжлүүлнэ" гэж итгэх нь бодит эрсдэлийг дутуу үнэлж буй хэрэг юм.Үүн дээр АНУ–Иран хоорондын тодорхойгүй харилцаа, дэлхийн газрын тосны үнийн өсөлтийн эрсдэл давхар давхар нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл Монголын шатахууны зах зээлд нэг биш, хэд хэдэн гадаад эрсдэл зэрэг нөлөөлөх нөхцөл бүрджээ.
Гэтэл Засгийн газрын тайлбар өнөөдөр үндсэндээ "33 хоногийн нөөцтэй" гэсэн ганц өгүүлбэр дээр төвлөрч байна. Энэ нь хангалттай тайлбар уу?
Албаныхан өнөөдрийн нөөцийг 2022 онтой харьцуулан "тэр үеэс бараг гурав дахин өндөр" гэж тайлбарлаж байгаа ч ийм харьцуулалт өөрөө олон асуулт дагуулж байна. Учир нь 2022 оноос хойш Монгол Улсад бүртгэлтэй автомашины тоо 100 мянга гаруйгаар өссөн. Замын хөдөлгөөн нэмэгдсэн, шатахууны нийт хэрэглээ өссөн, эдийн засгийн бүтэц өөрчлөгдсөн байхад зөвхөн "хоногийн нөөц" гэдэг нэг үзүүлэлтээр өмнөх онтой харьцуулах нь бодит дүр зургийг бүрэн илэрхийлэхгүй билээ. Хэрэглээ эрс өссөн үед ижил тооны "хоног" өмнөх шигээ аюулгүй гэсэн үг биш.

Стратегийн нөөцийн бодлогыг үнэлэхдээ автомашины тоо, өдөр тутмын хэрэглээ, импортын эрсдэл, өөр эх үүсвэрийн боломж зэрэг үзүүлэлтүүдийг хамтад нь тайлбарлах нь илүү бодитой байх ёстой. Харин өнөөдрийн тайлбар ийм асуултуудад хариулт өгсөнгүй. Өөр нэг анхаарах зүйл бол төрөөс урт хугацааны төлөвлөгөөний талаар тодорхой мэдээлэл гараагүй явдал юм. Хэрэв ОХУ дахь нийлүүлэлт хэдэн долоо хоногоор саатвал яах вэ? Импортын өөр эх үүсвэр бий юу? Стратегийн нөөцийг хэрхэн нөхөх вэ? Үнэ өсөлтийг хэрхэн бууруулах вэ?
Эдгээр асуултад өнөөдөр бизнесийн байгууллагууд ч, иргэд ч тодорхой хариулт сонссонгүй.
Хувийн хэвшлийн компаниуд тээвэр, импорт, агуулахын нөөц, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө төрийн бодлого, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн гаргадаг. Харин бодлогын тодорхойгүй байдал нь өөрөө бизнесийн хамгийн том эрсдэл болж хувирдаг.
🔎 Эцэст нь
Өнөөдрийн асуудал шатахуун хүрэлцэж байгаа эсэхдээ биш. Харин дараагийн нийлүүлэлтийн эрсдэлд Монгол Улс хэрхэн бэлдэж байгаа вэ гэдэгт оршиж байна. "33 хоногийн нөөцтэй" гэсэн мэдэгдэл нь өнөөдрийн нөхцөл байдлыг тайлбарлаж болох ч маргаашийн эрсдэлийг шийдэх төлөвлөгөө биш. ОХУ дахь газрын тос боловсруулах үйлдвэрүүд халдлагад өртөж, дэлхийн газрын тосны зах зээл тодорхойгүй хэвээр байгаа энэ үед иргэд, бизнесийн байгууллагуудын хүлээж буй зүйл нь зөвхөн нөөцийн хоногийн тоо бус, эрсдэл тохиолдвол ямар арга хэмжээ авах вэ гэсэн тодорхой, хэмжигдэхүйц төлөвлөгөө юм. Стратегийн бүтээгдэхүүн дээр бодлого нь нөхцөл байдлыг тайлбарлахаас илүү, эрсдэлийг удирдах чадвараараа үнэлэгдэх ёстой.