Оюу Толгойн шинэ тохиролцоо: 30 их наядын зардал, 2027 оны ногдол ашиг
Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” групп есдүгээр сарын 11-нд Оюу Толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээгээ эцэслэн, холбогдох тохиролцоонд гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж, 2027 оноос ногдол ашиг хуваарилах чиглэлээр хамтран ажиллахаар талууд тохирсон ч ногдол ашгийн яг хэмжээ, хэлбэрийг цаашид эцэслэн шийдэхээр үлдээжээ.
Тоо баримт:
Засгийн газрын мэдээллээр шинэ нөхцөлүүд хэрэгжсэнээр Оюу Толгойн ирээдүйн санхүүгийн зардлыг бууруулж, Монголын 34 хувийн эзэмшлээс хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм. Гэхдээ энд яригдаж буй 30 их наяд төгрөг нь Монгол Улсад одоо орж ирэх бэлэн мөнгө биш, уурхайн ашиглалтын хугацаанд хүү болон менежментийн зардлаас хэмнэхээр тооцсон дүн гэдгийг ялгаж харах шаардлагатай.

- Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг SOFR(ам.долларын зээлийн олон улсын жишиг хүү) + 6.5 хувиас SOFR + 4 хувь болгон бууруулав.
- Зээлийн хүүгийн нөхцөлийг 7 жил тутам бус 3 жил тутам дахин хянах боломжтой болов.
- Менежментийн үйлчилгээний төлбөрийг хоёр дахин бууруулахаар тохиролцов.
- Засгийн газрын урьдчилсан тооцоогоор дээрх өөрчлөлтүүд Оюу Толгойн ирээдүйн зардлыг нийт 8.4 тэрбум ам.доллар буюу 30 орчим их наяд төгрөгөөр бууруулж, Монголын талын хүртэх өгөөжийг 4 тэрбум ам.доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой.
Монголд хүрэх өөрчлөлт

Ногдол ашиг: Хэлэлцээний хамгийн их анхаарал татсан хэсэг нь Монгол Улс Оюу Толгойгоос анх удаа ногдол ашиг авах хугацааг наашлуулсан явдал. Талууд 2027 онд ногдол ашиг хуваарилах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдсэн бөгөөд Засгийн газар ирэх оны төсөвт Оюу Толгойгоос авах ногдол ашгийг хамгийн багадаа 3 их наяд төгрөгөөр тооцоод байна. Үүний 2 их наяд төгрөгийг дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудалд, 1 их наяд төгрөгийг Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хэрэгцээнд зарцуулах хувилбарыг төсвийн төсөлд тусгажээ.
Зээлийн хүү: Хувь нийлүүлэгчдийн зээл нь Оюу Толгойн мөнгөн урсгалд олон жилийн турш томоохон зардал үүсгэж ирсэн. Хүүгийн нэмэгдлийг 2.5 нэгж хувиар бууруулснаар Засгийн газрын тооцоогоор ирээдүйд төлөх хүүгийн зардал 6.2 тэрбум ам.доллароор багасах боломжтой. Энэ өөрчлөлт нь ногдол ашгийг шууд бий болгож байгаа гэсэн үг биш ч компанийн орлогоос хүүд зарцуулах мөнгийг багасгаж, хувьцаа эзэмшигчдэд үлдэх мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх үндсэн нөхцөл болж байна.
Цаашид харах зүйл
Одоогоор хамгийн том тодорхойгүй зүйл нь 2027 оны ногдол ашгийн эцсийн хэмжээ байна. Ерөнхий сайд 3 их наяд төгрөгөөр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн ч “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт ногдол ашиг хуваарилах асуудлаар талууд үргэлжлүүлэн ажиллаж, нэгдсэн шийдэлд хүрэх шаардлагатайг хэлсэн. Өөрөөр хэлбэл 2027 онд ногдол ашиг хуваарилах чиглэл дээр санал нэгдсэн боловч хэдий хэмжээний мөнгийг, ямар механизмаар хуваарилах нь бүрэн хаагдсан асуудал биш байна.
Мөн 30 их наяд төгрөгийн “хэмнэлт” гэдэг тоо хэрхэн бодит мөнгөн урсгал болж хувирахыг цаашид ажиглах шаардлагатай. Энэ тооцоо нь ирээдүйд төлөгдөх хүү, менежментийн төлбөрийг өмнөх нөхцөлтэй харьцуулсан Засгийн газрын төсөөлөл бөгөөд зэсийн үнэ, олборлолтын хэмжээ, уурхайн зардал зэрэг олон хүчин зүйлээс бодит үр дүн нь хамаарна.
Дүгнэлт
Оюу Толгойн есдүгээр сарын тохиролцооны гол өөрчлөлт нь Монгол Улс нэг дор 30 их наяд төгрөг олж авсанд бус, төслийн ирээдүйн орлогоос зээл, хүү болон менежментийн зардалд гарах хэсгийг бууруулах нөхцөлийг гэрээнд тусгасанд байна. Үүний хамгийн бодит шалгуур нь 2027 онд төлөвлөсөн 3 их наяд төгрөгийн ногдол ашиг үнэхээр орж ирэх эсэх, цаашдаа Монголын 34 хувийн эзэмшил тогтмол мөнгөн өгөөж болж чадах эсэх байх юм.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто”, Оюу Толгой ХХК-ийн мэдээлэл, 2027 оны төсвийн төслийн талаарх мэдээлэл.