100 мянган айлын орон сууцны хөтөлбөр: Урьдчилгаа багасах ч сарын төлбөрийн асуудал үлдэнэ
Засгийн газар 2030 он хүртэл 100 мянган айлыг орон сууцаар хангаж, гэр хорооллын 50 мянган янданг буулгах үндэсний хөтөлбөрөө аравдугаар сарын 21-нд зарлалаа. Хөтөлбөрийн хүрээнд төр 40 мянга, хувийн хэвшил 60 мянган орон сууц нийлүүлэхээр төлөвлөжээ.
Шинэ хөтөлбөрийн гол өөрчлөлт нь орон сууцанд орохын тулд заавал их хэмжээний урьдчилгаа мөнгө бүрдүүлэх шаардлагыг багасгах явдал. Иргэд байраа шууд худалдан авахаас гадна түрээслэх, түрээслээд өмчлөх, урьдчилгаа төлбөрөө тодорхой хугацаанд хуримтлуулах боломжтой болох юм. Тухайлбал, “Солонго I, II” төслийн хоёр өрөө байрны сарын түрээсийг 700 мянган төгрөгөөр тооцжээ. Харин тухайн байрыг түрээслэнгээ өмчлөхөөр сонговол сарын төлбөр нь 1.4 сая орчим төгрөгт хүрнэ. Үүний нэг хэсэг нь түрээс, үлдсэн хэсэг нь орон сууцыг өмчлөх төлбөрт тооцогдох юм. Эдгээр нь тус төслийн жишиг тооцоо бөгөөд бусад хорооллын үнэ, нөхцөл өөр байж болно.

Ингэснээр урьдчилгаа төлбөрөө нэг дор гаргаж чадахгүй иргэдэд шинэ боломж нээгдэнэ. Гэвч сар бүр тогтмол төлбөр төлөх чадвар дараагийн шалгуур болж байна. Ялангуяа тогтмол орлогогүй, эсвэл өрхийн орлогынхоо ихэнхийг өдөр тутмын хэрэглээнд зарцуулдаг айлуудад түрээслээд өмчлөх нөхцөл хүндрэлтэй байж болзошгүй.
Нөгөө талд ипотекийн зээлийн хүлээлт өндөр хэвээр байна. Салбарын яамны мэдээллээр 55 мянга гаруй иргэн ипотекийн зээл хүлээж байгаа бөгөөд Засгийн газар ирэх онд 16 мянган өрхийг зургаан хувийн хүүтэй зээлд хамруулахаар төлөвлөжээ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд зөвхөн орон сууц барих бус, зээлийн санхүүжилтийг тогтвортой бүрдүүлэх шаардлагатай. Хувийн хэвшлийн орон сууцанд олгох ипотекийн зээл ч өөр өөр нөхцөлтэй байхаар төлөвлөгдсөн. Зарим өрх зургаан хувийн хүүтэй зээл авах бол бусад өрхийн зээлийн хүү эхний гурван жилийн дараа өсөх хувилбар бий. Тиймээс байр авах иргэд зөвхөн эхний жилийн төлбөрөөр бус, зээлийн нийт хугацаанд төлөх мөнгөө тооцох шаардлагатай болно.

Орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь хөтөлбөрийн нөгөө чухал хэсэг. Төрийн мэдлийн “Сэлбэ”, “Шархад”, “Солонго I, II” зэрэг төслүүдэд барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд ирэх жилүүдэд үе шаттайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Харин шинэ орон сууцны нийлүүлэлт, зээлийн санхүүжилт хоёр зэрэг нэмэгдэхгүй бол худалдан авах эрэлт өсөж, орон сууцны үнэд дарамт үүсэх эрсдэлтэй.
Хөтөлбөрийн үр дүн эцэстээ хэдэн байр барьснаар бус, тэдгээрт ямар орлоготой өрхүүд хамрагдаж чадсанаар тодорхой болно. Урьдчилгаа төлбөрийг бууруулах нь чухал өөрчлөлт. Харин сарын төлбөр нь иргэдийн орлогод нийцэхгүй бол орон сууцанд хамгийн их хэрэгцээтэй өрхүүдийн хувьд хүртээмжийн асуудал хэвээр үлдэнэ.
Эх сурвалж: Засгийн газар, iToim.mn | Фото: Сэлбэ хот