Ипотекийн дараалал 7–8 жил: 45 мянган өрх санхүүжилт хүлээж байна
Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 45 мянга орчим өрх хүлээгдэж байна. Жилд ойролцоогоор 1 их наяд төгрөгийг ипотекийн санхүүжилтэд зарцуулах өнөөгийн хэмжээгээр хуримтлагдсан хүсэлтийг шийдэхэд 7–8 жилийн дараалал үүссэн гэж есдүгээр сарын 24-нд мэдээлжээ.
Санхүүжилтийн хомсдол зөвхөн зээл хүсэгчдэд бус орон сууцны зах зээлд нөлөөлж эхэлсэн. Сангийн яамны мэдээллээр зах зээлд 20 мянга орчим бэлэн орон сууц байгаа бол нөгөө талд ипотекийн зээл хүссэн 45 мянган өрх санхүүжилт хүлээж байгаа юм. Орон сууц бэлэн байгаа ч худалдан авалтыг хөдөлгөх урт хугацааны эх үүсвэр хүрэлцэхгүй байгаа зөрүү энд үүссээн байна.
2027 онд орон сууцны санхүүжилтийг 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, ипотек, хамтын өмчлөл, түрээслээд өмчлөх хэлбэрээр 16 мянган өрхийг орон сууцанд хамруулахаар Засгийн газар төлөвлөсөн. Энэ төлөвлөгөө 2027 оны төсвийн төсөлд багтсан бөгөөд эцсийн хэрэгжилт төсөв батлагдаж, санхүүжилтийн эх үүсвэр бодитоор бүрдэхээс хамаарна.
Ипотекийн эх үүсвэр нэмэгдвэл хуримтлагдсан хүсэлтийн тодорхой хэсэг зах зээлд бодит худалдан авалт болж орж ирнэ. Үүнийг дагаад бэлэн орон сууцны борлуулалт, шинэ төслийн эрэлт, улмаар цемент болон бусад барилгын материалын хэрэглээнд нөлөө үзүүлэх боломжтой. Харин одоогийн дарааллын хэмжээ нь орон сууцны зах зээлийн өсөлт зөвхөн нийлүүлэлтээс бус, санхүүжилтийн хүртээмжээс шууд хамаарч байгааг харуулж байна.
Эх сурвалж: NewsPress, Монголбанк, Монгол Улсын Засгийн газар