Жолооч нар шатахуун, оюутнууд тэтгэлгээ шаардав
Аравдугаар сарын 1-нд Улаанбаатарт жолооч нар шатахууны хомсдолыг эсэргүүцэж, МУБИС-ийн оюутнууд сургалтын төлбөрийн тэтгэлгээ шаардан тус тус жагслаа. Жолооч нар автомашинтайгаа Сүхбаатарын талбайг тойрон эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Шатахуун авахын тулд олон цаг дараалалд зогсож, ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болсныг тэд хэлж, нийлүүлэлт, түгээлтийг хэвийн болгохыг шаарджээ.
Аравдугаар сарын 2-нд шатахууны шуурхай штаб хуралдаж, импортлогчдоос түгээлтээ сайжруулахыг шаардан, Монополын эсрэг газарт шалгаж ажиллах чиглэл өгсөн байна.

Харин МУБИС-ийн оюутнууд аравдугаар сарын 1-нд сургуулиасаа Боловсролын зээлийн сан хүртэл алхаж, олгогдоогүй тэтгэлгийн асуудлаа шийдвэрлүүлэхийг хүсэв. Тэд голч дүнгийн шаардлага хангаж, төгсөөд мэргэжлээрээ ажиллах нөхцөлтэй гэрээ байгуулсан боловч хаврын улирлын сургалтын төлбөрийн санхүүжилт сургуулийн дансанд ороогүй гэж тайлбарлажээ. Улмаар арваннэгдүгээр сарын 2-ны дотор төлбөрөө нөхөн төлөх шаардлага авсан тухайгаа оюутнууд ярьсан байна. “Бид өртэй биш тэтгэлэгтэй” хэмээн тэд байгуулсан гэрээний дагуу төлбөрийг нь санхүүжүүлэхийг шаардлаа.
Боловсролын зээлийн сангийн тайлбараар, баталсан хяналтын тоонд багтсан оюутнуудын тэтгэлгийг олгосон боловч уг тооноос давсан, шаардлага хангасан суралцагчдын санхүүжилт хүлээгдэж байгаа аж. Салбарын яам тэтгэлэгт шаардагдах санхүүжилтийг төсвийн тодотголоор шийдвэрлэх тухай тайлбар өгчээ..