Шатахууны үнийн өсөлт Европт цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлж байна
Европын холбоонд наймдугаар сард 196,486 шинэ цахилгаан автомашин бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 62.7 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Ингэснээр тухайн сард шинээр бүртгүүлсэн дөрвөн автомашин тутмын нэгээс илүү нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй болсон байна.
Иран дахь дайнаас үүдсэн шатахууны үнийн өсөлт хэрэглэгчдийн сонголтыг өөрчилж байгааг Financial Times аравдугаар сарын 16-нд автомашин үйлдвэрлэгчдийн удирдлагуудаас эшлэн мэдээлэв. Түлшний зардал нэмэгдсэнээс гадна дизель автомашинаа цаашид ямар үнээр борлуулах боломжтой нь худалдан авагчдын хувьд эргэлзээ үүсгэжээ. Цахилгаан автомашины эрэлт Зүүн Өмнөд Ази, Латин Америкт ч нэмэгдэж байгааг тус хэвлэл онцолсон байна.
Харин Европын холбоонд дизель хөдөлгүүртэй шинэ автомашины бүртгэл наймдугаар сард 23.8 хувиар буурч, 45,403 болжээ. Өөрөөр хэлбэл, тухайн сард шинээр бүртгүүлсэн цахилгаан автомашины тоо дизель хөдөлгүүртэй автомашиныхаас дөрөв гаруй дахин их байв.
Европын автомашин үйлдвэрлэгчдийн холбоо цахилгаан автомашины өсөлтийг дэмжих бодлого болон загварын сонголт нэмэгдсэнтэй мөн холбон тайлбарлажээ. Оны эхний найман сарын дүнгээр бүрэн цахилгаан автомашин шинэ бүртгэлийн 21.7 хувийг эзэлсэн байна. Харин түлш болон цахилгаанаар ажилладаг хосолсон хөдөлгүүртэй буюу хайбрид автомашин 36.6 хувийн эзлэх хувьтайгаар зах зээлд тэргүүлсэн хэвээр байна.
Эх сурвалж: Европын Автомашин Үйлдвэрлэгчдийн Холбоо — ACEA, Financial Times